“PLAYBOY” сэтгүүл сексийн соёлыг шинэчилж, эр эмийн ёсонд хувьсгал хийжээ




“PLAYBOY” сэтгүүл сексийн соёлыг шинэчилж, эр эмийн ёсонд хувьсгал хийжээ

IKON.MN

2013 ОНЫ 11 САРЫН 11   "PLAYBOY MONGOLIA" СЭТГҮҮЛ

Философич С.Молор-Эрдэнэ

Монгол оронд сексийн 3-р хувьсгал явагдах боломж нээгдлээ

Хуучин соёлыг орхиж шинэ соёлыг хүлээн авна гэдэг нь бас нэгэн соёл бүтээж буй нэг төрлийн хувьсгал юм. Энэ нь зүгээр л нэг компани бий болгох эсвэл бараа оруулж ирдэг зуучлагч компани үүсгэн байгуулахаас хамаагүй нэр хүндтэй үүрэг бөгөөд нэг талаараа жинхэнэ уран бүтээл ажээ. Соёл гэдэг ухагдахуунд зөвхөн дуу дуулж, зураг зурах эсвэл хөгжим тоглохыг хэлдэггүй. Харин оюуны хөгжил дэвшлийг цаг үедээ цоо шинээр авчирч, хуучинсаг уламжлалт ёс болон хоосон зан заншилыг задлаж шинэ үе, шинэ цагийг цаашлаад шинэ эрин үеийг бий болгож оршин буй цаг үеийн хөгжилдөө чамлалтгүй хувь нэмэр оруулахыг хэлнэ.

20-р зууны 60-аад онд хүчтэй явагдсан сексийн хувьсгал шинэ соёл авчирсантай хэн ч маргахгүй биз ээ. Энэ бол сексийг зөвхөн үржлийн хэлбэрээр хийх, эсвэл нүгэл үйлдэж буй мэт айж ичих амьтанлаг сэтгэхүйтэй үхэлдэн зууралдах бус харин сексийг хийж буй эр, эм хоёрын дотоод ойлголцол, бэлгийн хүндэтгэл дээр тулгуурлан, бие сэтгэлийн өндөр таашаалтайгаар хийх ухагдахууныг хүн төрөлхтөнд нээн харуулсан асар том дэвшил байлаа. Энэ хувьсгалын тэргүүнд Плэйбой сэтгүүлийг үүсгэн байгуулагч Хэфнэр зоримогоор алхаж, бараг л сексээр хэрэгцээ хангах төдий амьдарч ирсэн олон олон хүмүүст сексийн эрх чөлөөний замыг зааж өгчээ. Секс хийнэ гэдэг нь хэн хэндээ таашаалтай байх, харилцагчид аль аль нь сэтгэл хангалуун үлдэх, ямарваа нэгэн сэтгэлийн шархыг хэн нэгэндээ үлдээлгүйгээр мөч бүрийг нь амталж хийхийг хэлж буй. Түүнээс биш боломжит тохиолыг ашиглан хурдан түргэн амжуулах, харанхуй эсвэл согтууг далимдуулан хүч түрэн гүйцэлдүүлэх үйлдэл биш. 

Монгол оронд сексийн 3-р хувьсгал явагдах боломж нээгдлээ

Оюунлаг, сэтгэл зүрхний өндөр таашаалыг эрхэмлэдэг хүн төрөлхтний дээд хөгжилд хүрэн буй энэ цаг үед тийм ухагдахуунтайгаар хайрлах аргыг зэрэмдэглэнэ гэдэг дэндүү хайнга бөгөөд хоцрогдмол бүдүүлэг хэрэг гэдэг нь гарцаагүй. Харилцан таашаалын үндсэн дээр болж өнгөрдөг энэхүү үйлдлийн ард олон зуун жилийн туршид эмэгтэйчүүд бие болоод сэтгэлийн асар их хохирол амсаж иржээ. Зуун зуунаар давтагдах байлдан дагуулалт, бүдүүлэг эзлэн түрэмгийлэл, хаанчлалын засаглалуудын алинд ч эмэгтэй хүнийг хувь хүн гэж үзэх, тэдэнд ч бас таашаал байдаг гэдэг ухагдахуун мартагдаж байлаа. Яг үнэндээ бүхий л цаг үеийн туршид бүсгүй хүн бол зөвхөн хэрэглээ төдий бие махбодид тооцогдож ирсэн нь нууц биш. Харин дээрх хувьсгалыг хүн төрөлхтөн хийснээр энэ бүдүүлэг ойлголт үеэ элээж, бүсгүй хүн ч бас таашаал хүртэх эрхтэй бөгөөд харилцан таашаалтай байснаар хэн хэн нь аз жаргалтай үлддэг зарчмыг олон хүнд ойлгуулж, нэг талаар хүмүүсийн ор хөнжлийн боловсролд том гэгээ туссан юм. Эр хүн яг л эмэгтэй хүний мэдрэмжийг дагаж сексийг мэдэрч удаан тохилог хийхийг “PLAYBOY” сэтгүүл зөвлөдөг.

 

Лайф стайль буюу Life style


Сексийн хувьсгал нь амьдралын нэгэн цоо шинэ хэв маягийг бидэнд авчирсан. Дуу дуулах, бүжиг хийх, наадаж цэнгэх гэх мэт орчин үе, цаг хугацааны хурдыг зааж хөгжил дэвшил дэлбээлж байсан тэр үед хүний ёсны цоо шинэ хүмүүнлэг эрх чөлөөтэй соёл урлагийн салбарууд олноороо үүсч байлаа. Яг л энэ орчин үеийн хөгжлийн хэлбэрүүд цэцэг адил дэлбээлэхтэй зэрэгцэн секс гэсэн амьдралын цоо шинэ хэв маяг /мэргэжлийн нэршилээр бол/ “лайф стайл” дэлбээлжээ.

 

Соёлын дэвшил гэдгийг хуучнаа халж, оюун санааны хоцрогдлыг таягдан хаях хэмээн ойлгож болно. Түүхийг шинэчилж, шинэ түүх бүтээх ч гэж хэлж болно. Ирж буй шинэ соёл нь өөрөө жинхэнэ утгаараа шахалт хавчилтыг зад татаж эрх чөлөөг тунхагладаг. Зан заншил нэртэй хорио, уламжлалт ёс нэртэй хоцрогдлоос салахад шинэ соёл л тусладаг. Тиймээс залуу үе цаг үеэ өөрчилж, шинэчлэл дэвшлийг авчирах томоохон алхмуудыг цаг үргэлж соёлын хувьсгалаар хийж иржээ. Монгол залуус 60-70-аад онд урлаг соёлын салбаруудад хэр чинээгээрээ соёлын хувьсгал хийсэн хэдий ч бүр хожим ардчилалын үе хэдийнэ ирчихээд байхад хэт зан заншил уламжлалт ёсонд хүлэгдсэн, оюуны хоцрогдмол байдлаа хадгалсаар л байгааг харж болохоор байлаа. Тэд үзэл бодлын эрх чөлөө нэрийн доор зууны өмнө устсан феодалын хэв шинжийг хэт шүтэж, хувцас хэрэгслийг нь эргүүлэн өмсөж, бурхан тахилаа буцаан өрж, тархи оюундаа мухар сүсгийн үзэл санаануудыг чөлөөтэй шахуулж байлаа. Тиймээс ардчилал нь соёлыг аврахаасаа илүү хоцрогдол авчирсан гэж хэлмээр санагдана. Төгөлдөр хуур тоглохын оронд морин хуур тоглож сонгодог хөгжмийн боловсрол бараг л устсан.

Улстөрийн хэллэгээр бол “Зүүний” чиглэлийн улстөр нь шинэчлэл авчирдаг. Европ болон Америкт “68” оны хөдөлгөөн гэж алдаршсан оюутны хөдөлгөөн ээж аав, эмээ өвөөгөөсөө ангижирч, шинэ нийгэм шинэ соёл бүтээх гэсэн нийгмийн болон улстөрийн хөдөлгөөн болж байсан. Тэр үед соёлын “дайн” эхэлжээ. Энэ “дайн” бол заавал гэр бүл болох хүнтэйгээ секс хийсээр насыг барах биш харин дурласан буюу сэтгэл татагдсан хүнтэйгээ секс хийж, амьдралаас таашаал боломжтой гэсэн эсэргүүцэл байсан юм. Нөгөөтэйгүүр “Секс хийх хүсэлгүй бол гэр бүлийн хүндээ ч татгалзаж болно. Ерөөсөө гэр бүл таалагдахгүй бол нөхрөөсөө бас эхнэрээсээ салах эрх чөлөө хүн бүрт бий” гэсэн үзэл санааг тэд тунхаглаж байлаа. Чухам сексийн эрх чөлөөг даган ирсэн эдгээр эрх чөлөөт үзэл санаанууд тэр үеийн оюун санаа, баригдмал амьдралын схемүүдэд жинхэнэ утгаараа соёлын дайн өдөөжээ.

 

Рокн-Ролл хөгжим ба сексээр сэтгэлээ цэнэглэх


Сэтгэл гэдэг хүний онцгой нэг эзэмшил. Сексийн үед л чухам энэхүү эзэмшил дээр хөл тавьж буй хэн бүхэнд хүндэтгэлтэй хандахыг сануулж байгаа хэрэг. Бүр тодруулбал та нэгэнт бусдын хилийг давж буй бол тухайн газрын хуулийг дагадагтай адил хэн хэнийхээ эзэмшлийг таашаан таалж, аль алиндаа онцгой сэтгэгдэл төрүүлэх хэрэгтэй гэсэн утга. Сексээр сэтгэж чаддаг болох анхны гэмээр ухагдахуун, сексээс бие сэтгэлийн таашаалыг харилцан авах сэтгэлийн хувьсгал нь 60-аад онд эрчимтэй гарч ирсэн Рок хөгжимтэй шууд холбоотой. Элвис Преслигийн Rock’n Roll-ыг сонсох гэж үсээ гоёж самнасан залуус, богинохон юбка өмсөж, гоо үзэсгэлэнгээ тодотгон гуяа цухуйлгасан охид цуглараад, тэрхүү хөгжмийн аялгуунд твист бүжиг бүжиглэж, сексийн сэрлээ өдөөн, харцаа чулуудалцаж, бүхий л биеэрээ бүжин наадаж байлаа. Нүцгэн бугуй хараад л амьтны зөнгөөр эмэгтэйгээ дараад авдаг байсан эрчүүд гоо үзэсгэлэнд нүдээ хужирлан бие, сэтгэлээ тэвчихэд чухам энэ үед л суралцаж байлаа. Тэд зөвхөн тэвчиж сурсан төдийгүй бас таашааж сурч байсан юм. Хүн гээч оюунтан энэ үеэс л биеийн таашаалыг бус сэтгэлийн таашаалыг эрхэмд үзэхэд жинхэнэ утгаараа суралцсан биз гэж бас санагдана. 

Мэдрэмжийг гаднаас мэдэрдэг бол бас сэтгэл дотроосоо гадагш сэтгэдэг болж ирэв. Англиар feeling гэсэн ойлголт  байдаг. Энэ нь аливааг сэтгэлээсээ хийх гэсэн утгыг агуулдаг. Сэтгэлгүй бол юу ч мэдрэгдэхгүй бөгөөд юуг ч амталж чадахгүй өнгөрнө. Хайран цаг, хайран таашаал бус уу? Сэтгэл дутсан үйлдэл нь биеийг эрхэмд үзэх бөгөөд сексийн харилцааг хоосон ойртоод өнгөрөх төдийгөөр хязгаарлаж, зөвхөн өөрийн загасаа наадуулсанаар  дуусчихаж байгаа юм. “Загас наадуулах”, “унтах” хэмээх хэллэгүүд ч зөвхөн эрхтэнээ султгах, түүнийг л эрхлүүлэх, үгүй бол юу юугүй хурхираад өгөх гэсэн санааг агуулж байгааг бат нот харуулж байна. Жараад онд Зүүн Европт суралцаж байсан манай цөөн хэдэн оюутан гуравдагч орны дуу хөгжим бүхий пянзнуудыг хулгайгаар авчирч, тэдний хувцаслалтыг дуурайн хөх жинс өмсөж, хөвгүүд нь үсээ урт ургуулан, Европт явагдсан сексийн хувьсгалын зах зухыг эх орондоо авчирч чадсан юм. Тиймээс Улаанбаатарт зун болж, амралтаа авсан оюутнууд ирэхэд сайхан зүс царайтай, хээнцэр хувцастай гуалиг залуучууд хөлхөлдөж хот маань өнгө засах мэт санагдаж, нэг л өөр болдог байлаа. Өнөөдөр харин тэр сайхан гоо үзэсгэлэнт дүр зураг үгүйлэгдэж байна. Тэр үед хамгийн их пянз ярьж, Улаанбаатарт сексийн хувьсгалыг тэргүүлсэн хүн бол миний мэдэхээр “Бацаан Зоригоо” нэртэй нэгэн оюунлаг ах хүү байсан гэдгийг энд хэлэх хэрэгтэй болов уу. Аливаа өөрчлөлт шинэчлэлт бүр өөрийн гэсэн эзэнтэй байдаг гэдгийг энэ дурсамж сануулна.

 

Плейбой сэтгүүл ба Хэфнэр


Шинэ үеийн хүн төрөлхтний бие сэтгэлийн таашаалыг өөрчилж, Америк болон Европт сексийн хувьсгалыг жинхэнэ утгаар нь түгээж, эр эмийн ёсонд цоо шинэ хувьсгал хийхэд нөлөөлсөн хүн бол ямар ч маргаангүй Хэфнэр хэмээх Америкийн иргэн. Плейбой сэтгүүлээ анх эхлэхэд тэр ердөө л 600 доллартай байсан гэдэг. Өнөөдөр түүний сэтгүүлийг “Хамгийн сүүлд моод ирдэг” гэгддэг Монгол оронд хүртэл хэвлэдэг болжээ.

 

Хэфнэр ерөөс эр хүнийг секс машин мэт амьдрахад бус харин сексийг удирдагч, түүнийг эдлэж мэдэрч, үнэлж хүндэтгэхэд суралцахыг зааж өгсөн. Секс гэдэг зүгээр л нэг нуудгай төдий биш. Секс хийнэ гэдэг нь загас наадуулах төдий ажил биш. Секс гэдэг хурьцал үйлдэх ухагдахуун ч биш. Секс гэдэг нь амтлах таашаал. Секс гэдэг хүсэх ухагдахуун. Тиймээс сексийг бусдаас шаардах бус харин таашаан өдөөх, харилцагчаа ч бас таалах үйлдэл юм. Секс нь наймаа эсвэл нэг талын сонирхол биш. Харин хоёулаа зэрэг ханах ханамж ажээ. Түүнээс биш нэг тал нь ханаад босоод явчихыг хэлэхгүй. Хатуу хэлэхэд “Түүнтэй үзчихсэн” гэж маргааш өдөр сайрхан ярих нь юм үзээгүй хар дурчины л амнаас гарах үгс. Ганц удаа дээр нь гарч юу болсныг ч мэдрэхгүй бууж ирчихээд түүнийгээ сайрхдаг “жижигхэн” эрчүүд энэ цагт олон. “Ганц удаагийн сэрэлээ хагас дутуу гаргаж, зангирч эрчилсэн эрхтэнээ сулруулчихаад буруу харан унтаад өгөх нь соёл мөн үү?” гэж Хэфнэр ах анхааруулсанаар сексийн хувьсгалыг эхлүүлжээ. Цагийн сайнд энэ ах дөрвөн бүсгүйтэй зэрэг амрагласан түүх бий. “Энэ ч арай дэндэнэ ээ” гэх хүн олон. Харин тэрээр амраг сэтгэлээр холбогдсон бүхий л бүсгүйчүүдийнхээ гоо үзэсгэлэнг өргөж, тэдэнд таашаалыг амсуулж, амьдралд нь мартагдашгүй дурсамжийг өгөхийн төлөө амьдралаа зориулсаар яваа хүн. Тэрээр бүсгүй хүн бүр таашаалыг амталж мэдрэх эрхтэй бөгөөд эрчүүд ч бас сохор дурлалын манангаас шархтан үлдэх ёсгүй гэдгийг тунхагласан юм. Секс гэдэг доор нь хэвтэх эмэгтэйгийнхээ “Хэзээ дуусах бол” гэсэн бодлоо нуун тааз харан хэвтэх уйтгарт мөчүүдийн дунд биеэ султган авах үйлдэл биш юм.

Хэфнэр ерөөс эр хүнийг секс машин мэт амьдрахад бус харин сексийг удирдагч, түүнийг эдлэж мэдэрч, үнэлж хүндэтгэхэд суралцахыг зааж өгсөн. 

 

Секс гэдэг “Энэ эмэгтэйг би заавал үзнэ дээ” гэсэн ам тангараг, хоосон нэрсийн цуглуулга биш юм. Секс гэдэг найз эмэгтэйгийнхээ хайртай залууг булаан авах гэж араас нь улайран хөөцөлдөхийн нэр биш. Секс гэдэг ядарсан найзынхаа авгайг үзэхсэн гэж тачаадах үзэл биш. Секс бол олон удаа хийж, туршилга хуримтлуулан, хоёр биедээ бие сэтгэлээ бүрэн өгч эзэмдүүлэн, алт мэт агшныг таалан хүртэж, нэг нэгийгээ дур таашаалаар дайлахыг хэлнэ. Дайлсан шиг дайлж, дайлуулсан шиг л дайлуулах хэрэгтэй. 

Хэфнэр эрчүүдэд эмэгтэй хүнийг хэрхэн амтлаж яг л жимс шиг хэлэн дээрээ хүлхэж, хайлж урстал нь өөртөө шингээж, дээд хэмжээнд мэдрэхийг л анхааруулсан. Хэфнэр “Бид сексийг сайн сайхнаар л хийх ёстой. Түүнээс биш секс нэртэй муухан үйлдлийг бол хийгээд ч хэрэггүй” гэжээ. Түүний зорилго нь “good sex” байжээ. 

Ямар ч эмэгтэй хүн дахин давтагдашгүй гоо сайхныг эзэмшин төрдөг. Энэ хорвоо дээр сексийг амталж, жинхэнэ таашаалын үрээр үр хүүхдээ үлдээж, хорвоог баян, амьдралыг амт утгатай болгох гэж төрсөн эмэгтэй хүн бүр эрхэм. Ямар ч эмэгтэй уруулаа улаанаар будаж, богинохон юбка өмсөн, хар шилэн оймс, өндөр өсгийтэй туфль дээр алхахад нүд булаам өдөөгч болон хувирдаг. Хэфнэр зөвхөн эрчүүдэд туслаад зогссонгүй эмэгтэй хүнийг ч сексийн эрх чөлөөгөөр сүлж, хүн бүрийг илүү их үнэтэй болгож чаджээ.

 

Социализмын үед явагдсан сексийн 1-р хувьсгал ба анхны унталгын өрөө


Монгол оронд сексийн анхны хувьсгал социализмын үед Орос орноор дамжиж Европоос ирсэн. Зөвхөн гэрлэх хүнтэйгээ амраглах бус таашаал хүссэн дуртай хүнтэйгээ амраглаж, сэтгэлийн цэнгэл амсаж эхэлсэн үе бол энэ л феодалын үе болон Буддын шашны мухар сүсгээс салсан түүхэн үе юм. Социализмын үед л эрх чөлөөт секс анх удаагаа ирсэн нь тэр. Монгол хосууд энэ үеэс л анх удаагаа унтлагын өрөөтэй болцгоосон. Эсгий гэрээс унтлагын өрөөнд шилжиж, угаалгын өрөөтэй болж, гэрэл гэгээтэй цэлмэг өрөөнд монгол хүн урьд өмнө амталж үзээгүй секс хийсэн гэхэд уншигч та эсэргүүцэхгүй биз.

Социализмын үед л эрх чөлөөт секс анх удаагаа ирсэн нь тэр. Монгол хосууд энэ үеэс л анх удаагаа унтлагын өрөөтэй болцгоосон. 

 

Социализмаас өмнө ноёд феодалуудын хүүхдүүд хоорондоо сүй тавьж, адуу мал бэлчээр нутгаар барьцаалан хурим нэртэй тохиролцоо явуулдаг байжээ. Харин харц, малчин ардуудын хувьд бол хэн хэндээ хань болж, бараа сүүдэртэй амьдрах гэж дэр нийлүүлдэг байлаа. Өвлийн хүйтэнд нэг нэгнээ дулааацуулж ээдэг байсан болов уу. Социализмын үед л бид анх бэлгэвч хэрэглэж эхэлсэн ба аборт нэрийн дор хүсээгүй сексээс бий болсон хүүхдээ авахуулж болох боломжийг нээсэн. Ингээд секс хийх бүр л арав хорин хүүхэд цувах үзэгдэл нэг юм зогсов. Ингээд секс зөвхөн л үр удмаа үлдээх үйлдэл юм гэсэн мухар сүсгээс салцгаасан. 

 

Ардчилалын үед явагдсан сексийн 2-р хувьсгал ба ил гарсан амрагууд


Ардчилалын үед сексийн хоёрдугаар хувьсгал эхэлсэн гэж хэлж болно. Энэ бол гэр бүл эхнэр нөхрийн хатуу холбоо алдагдаж, социализмын үед нууц амрагтай байсан бол ардчилалын үед ил амрагтай болсон явдал. Ил амрагуудыг бүгд мэддэг хүлээн зөвшөөрдөг болж, гэр бүлийн болон эр эм хосуудын харьцаанд эвдрэл явагдэж эхлэв. Олон ч гэр бүл салцгааж, олон ч үрс бага насандаа аавыгаа алдаж, ээжтэйгээ хоцорсон. СГЗ, яруу найрагч Ш.Дулмаа социализмын үед “Хүүгийн эцэгт бичсэн захидал” нэртэй орхиод явсан аавын хойноос цалин нэхсэн шүлэг бичиж алдаршсанаар төр дагавар гэр бүлийн асуудалд хатуу хандаж эхлэсэн бол ардчилалын үед бидний өршөөлт нийгэм сөнөснөөр ажил ч үгүй мөнгө ч үгүй хоцорсон эмэгтэйчүүд жинхэнэ утгаараа “Хүүхдээ яаж хоолтой хонуулах вэ” гэсэн томоохон асуудалтай тулгарсан шүү дээ. Энэ үеэс л Монгол эрийн яс муудаж, сахилгагүй томоогүй хөвгүүд болцгоож, насанд хүрсэн хүн гэхэд хэцүү болсон.

Гэсэн ч социализмын үеийн Христийн шашнаас гаралтай бөгж зүүж албан ёсоор гэр бүл болж батлуулдаг тэр ёс ардчилалын үед ч бараг агуулга хэлбэрээ хэвээр хадгалсаар үргэлжилсэн. Хуримын ордон ердөө л 70-аад онд байгуулагдсан. Түүнээс өмнө Монголчууд бөгж зүүж албан ёсоор гэр бүл болж батламж авч бүртгүүлж байсангүй. Хаанаа ч бүртгүүлэх вэ дээ. Ердөө л 40-өөд оноос л анх хот гэсэн нийгмийн ойлголттой болсон шүү дээ. Хотын соёл ердөө л социализмын үед 40-өөд онд л ирсэн хэрэг. Улаанбаатар маань нэг үгээр хэлэхэд хот хүрээ шиг хэлбэртэй болоод 70 хүрэхгүй жил болж байна даа. Да Хүрээг ямар хот гэх вэ дээ.

Ардчилалын үеийн сексийн 2-р хувьсгал сүүлдээ хэт замбараагүй, ямар ч утгагүй хөндлөн гулд хэвтээ босоо махан порно болж хувирсан нь нэн харамсалтай. “Хүүхэн захиалсан чинь охин нь ороод ирсэн” гэдэг онигоо хүртэл бий. Эндээс эхэлж эрэгтэй хүнийг үзэн ядах жендер нэртэй сексийг эсэргүүцсэн хөдөлгөөн гарч ирсэн. Тэр ч бүү хэл олон эмэгтэйчүүд лесби нэртэй ижил хүйстэнтэйгээ секс хийдэг гадаадын моод орж ирсэн. 

Хуримын ордон ердөө л 70-аад онд байгуулагдсан. Түүнээс өмнө Монголчууд бөгж зүүж албан ёсоор гэр бүл болж батламж авч бүртгүүлж байсангүй.

 

Жендер нэртэй эмэгтэйчүүдийн хөдөлгөөн эмэгтэй хүнийг эмэгтэйлэг болгож, нийгэмд гүйцэтгэх Монгол эмэгтэйн хоёр үүргийг умартуулж, эрэгтэйчүүдтэй барьцаж, тэднээс дутахгүй гэх бослогын шинжтэй хөдөлгөөн болсон гэхэд хэтрүүлээгүй. Монгол эмэгтэй нэгдүгээрт эрэгтэй хүнд туслаж, эр хүн болоход нь дэмжлэг үзүүлэх үүрэгтэй гэдгийг мартаж болохгүй. Яагаад гэвэл эрэгтэйчүүд гэр орондоо эр хүн болохоор хүмүүжиж чадахгүй байгаагийн баримт бол аавууд эрэгтэй хүүхдэдээ дэндүү сөрөг үлгэр дуурайллаар өсгөж байгааг анхаарах хэрэгтэй. Аав ч гэж дээ айлын том хүүтэй л адил болсон гэхэд буруутахгүй. Хоёрдугаарт, эмэгтэй хүний үүрэг бол эрэгтэй хүүхдүүдийг бага наснаас зүрхийг нь үхүүлэхгүй байх. Ингэж Монгол эр өнөөдөр 21-р зуунд бие даасан өөртөө итгэлтэй эр болж чадвал секс гэдгийг мэдэрч ойлгож ёстой л сексийн 3-р хувьсгал явагдах боломж гарна.

 

Өнөөдөр явагдах сексийн 3-р хувьсгал ба сексийн эрх чөлөө


Сексийн эрх чөлөө бий болох нөхцөл өнөөдөр байгаа атал үүнийгээ мэдрэхгүй харин ч сексийн эрх чөлөөгүй нийгэм болсон мэт. Найз охиноо хэтэрхий хардаж бусадтай секс хийлгэхгүй хэмээн хэтэрхий хүнийг өмчилж, эрх чөлөөг нь боогдуулдаг эрчүүд олон. Эмэгтэй хүн хэнтэй ч секс хийх бүрэн эрх чөлөөтэй. Үүнтэй адил бас эрэгтэй хүн ч нүдэнд өртсөн эмэгтэй хүнээ секс сонирхлоор анзаардаг гэдгийг мартаж болохгүй. 

Гэрийн эзэгтэйн сайн ээж, сайн эхнэр байх гэсэн олон үүргийг монгол эмэгтэй өнөөдөр хэрхэн биелүүлэх вэ? Түүний хажуугаар эр хүн болж чадаагүй эр нөхрийгөө хэрхэн эр хүн болгох вэ? Ерөөсөө эрчүүдэд эмэгтэй хүн дуртай хүнтэйгээ секс хийдэг шүү үүнд нэг их юм бодож хардаж сэрдэх хэрэггүй гэж хэрхэн ойлгуулах вэ? 

 

Хардах гэдэг үг хоцрогдсон биш үү? 


Ээж аав нь эр хүн болгон өсгөж хүмүүжүүлж чадаагүй нөхөр нэртэй эрийг яаж нөхөр шиг нөхөр, аав шиг аав болгох вэ? Зөвхөн нөхрүүдийн ээж аавууд хүүгээ өсгөж хүмүүжүүлж чадаагүйтэй адил бас л эмэгтэйг нь ээж аавууд өсгөж хүмүүжүүлж чадаагүй шүү дээ. Гэхдээ эмэгтэйчүүдэд нэг том давуу тал бий. Тэднийг аавууд хамгаалж, тэтгэж дэмжиж өсгөсөн. Ингэж давуу талтай өссөн эмэгтэйчүүд өнөөдөр нийгэмд ихэнхдээ л дээгүүр албан тушаал хашиж, тэгсэн хэрнээ эрэгтэйчүүдийн эсрэг хүмүүс болжээ. Арван жилийн сургуульд, сүүлд нь их дээд сургуульд ч эмэгтэй хүүхдүүд бас л дэмжлэг тэтгэлэг илүү их эдлэх нь баримтаар батлагдана. Жендер ноёлж эмэгтэй багш нар давамгайлсан их дээд сургуулийн эмэгтэй багш нар бол эрэгтэй оюутнуудын дайсан мэт л хөвгүүдийг боож хаадаг нь нууц биш.

“Буруу эрэгтэйтэй танилцжээ, тиймээс салж өөр хүн хайх, нэг үгээр хэлэхэд буруу хүнтэй хуримаа хийжээ” гэж салах боломжтой тэр эрх чөлөө бол бас л сексийн эрх чөлөө. Сууж хурим хийх эрхтэй бол бас салж өөрийн замаар явах эрх хэнд ч бий. Хэн ч, хэний ч өмч биш. Хэн ч ганцхан хүнтэй секс хийхээр төрөөгүй. Хэн ч, хэнийг ч хүсэх эрх чөлөөтэй. Тэглээ гээд янхандах гэсэн ойлголт биш. 

Хэфнэр сексийн эрх чөлөөг голчилж, сексийн сэтгэлээ дагаарай гэж уриалжээ. Мэдээж Хэфнэрийг жендер ярьдаг эмэгтэйчүүд “Эр хүнийг дээгүүр тавьж, эмэгтэй хүнийг сексийн бараа болгодог” гэж шүүмжилдэг. Христийн болон бусад шашны төлөөлөгчид Хэфнэрийг “Гэр бүл салган сарниулж, гэр бүлийн утга учрыг алдагдуулсан” гэж дайрч шүүхэд хүртэл өгч байлаа. Хэфнэр тэр бүртэй тулалдаж, тулалдах бүртээ ялалт байгуулан гарсанаар сексийн хувьсгалыг ч бас ялуулж чадсан юм.

 

Тоонд биш чанарт шүү дээ


Монгол оронд явагдах сексийн 3-р хувьсгалд энэ Плэйбой сэтгүүл маш их үүрэг гүйцэтгэх чадвартай. Яагаад гэвэл тэрээр олон бэрхшээлийг давж, эрэгтэй хүнийг эрэгтэй бас эмэгтэй хүнийг эмэгтэй болгож чадсан. Шинэ соёл түгээж, нийгмийг өөрчилж бас нийгмийг тодорхойлж, түүний өнгө төрхийг гэрэлтүүлэн цацруулж чадах тэр хүч зориг шударга чанар хуучны соёлыг хоцрогдсон байранд орхиж, шинэ соёлыг бүтээн босгож, цоо шинийг авчирч нийгмийг орчин үетэй болгож чадахыг л хэлнэ. Плейбой сэтгүүлийг үүсгэн байгуулагч Хэфнэр зан заншлыг ардаа орхиоч гэж залуучуудыг уриалан дуудсан. Тэрээр энэ үгээрээ “Хоцрогдсон соёл, уламжлалт ёсоо хаяж шинэ соёлыг хүлээн авах оюуны тэнхээтэй байгаач” хэмээн тэмцсээр ирсэн юм. 

Японы Гэйша нэртэй эр хүний таван мэдрэмж дээр тоглож чаддаг мэргэжлийн эмэгтэйчүүд бол ямар ч эрийг тэр л агшинд барьц алдуулж, яахаас ч буцахгүй ёстой л “амьтан” болгож чаддаг увидасыг эзэмшсэн байдаг. Монгол эмэгтэй тааралдсан эрийнхээ чихэнд яг л Гэйшатай адил нэг л хөөрөгдөж магтсан үг хэлэхэд л онгироод л явчихна гэдгийг мартаж болохгүй. “Эрчүүд гоё үнэр үнэртээд тэд улам ихээр үнэрлэхийг хүснэ бас гоё хөдөлгөөнийг хараад хамт найгаж эхэлнэ шүү” гэж Японы Гэйша нар сургадаг.

Монгол эрийн мэдрэмжийг хэн хөгжүүлэх вэ? Мэдээж эмэгтэйчүүд. Тэгвэл тэр эмэгтэй хэрхэн эр хүний амтлах, үнэрлэх, харах, сонсох болоод илэх, хүрэлцэх арьсны мэдрэмжүүдийг боловсруулж боловсролтой мэдэрдэг болгох вэ? Эр хүн өөрөө зориг, тэвчээр, ялангуяа сексийн шударга ёсыг хэрхэн эрхэмлэх вэ? Найз эмэгтэй чинь өөр хүнтэй секс хийгээ л биз ямар дуусна гэх биш улам л ундарна шүү дээ.

Ерөөсөө тоондоо биш чанартаа шүү дээ. Олон эмэгтэйтэй секс хийж, тооны хойноос хөөцөлдөж, ганц ч эмэгтэйгийн дурыг хангаж үзээгүй эрчүүд хөөрхий. Түүний оронд ядаж ганц эмэгтэйг мартахгүй болтол нь сексээр дайлж, таашаал мэдрүүлж амтлуулж чадвал ёстой л эр хүн. Түүнээс биш тамга дараад л явдаг эрчүүд олон. Үүнтэй адил хэнтэй ч хамаагүй секс хийчихдэг бэлэнмаа эмэгтэйчүүд нийгмийг бусниулж гэр бүлийг баллана. 

100 эрхэм нэртэй нэвтрүүлэгт оролцсон урлагийн гавьяат зүтгэлтэн өвгөн, хөтлөгч өвгөн хоёр зэрэгцээд суучихсан социализмын үед дуурийн театрын дуучин хүүхнүүдийн хэнд дурлаж явсанаа ярьж хуучлах гээд хэнийг үзсэн, хэнийг үзээгүй тухайгаа хөөрөлдөж, ёстой л хулгайгаа ярьж суугаа харагдана. Хөөрхий тооны хойноос л хөөцөлдөж дээ. Ядаж ганцад нь эр хүний ёсоор өгөөмөр сексийг амтлуулсан болов уу эсвэл хурдан дуусчихаад дараагийн эмэгтэй рүү яаран дэгдсэн болов уу. Инээдэмтэй л өвгөчүүд гэмээр.

 

Порно ба сексийг бараа мэт худалдах


Секс гэдэг махан порно биш. Секс гэдэг дээр нь гарч аваад л тонгочих үйлдэл биш. Эмэгтэй хүн секс хийснийхээ төлөө мөнгө авдаг үйлчилгээ нь бараг л хамгийн анхны үйлчилгээний салбар байсан гэж хошигнодог. Сексийг худалдах гэсэн ойлголтын худалдах гэсэн үг өөрөө худлаадах гэсэн ойлголт мэт. Тиймээс мөнгөний секс бол худлаа секс гэмээр. Порно бол худлаадах. 

Монголд худлаа секс хийж мөнгө авдаг үйлчилгээ нь Улаанбаатарыг анх Хүрээ гэж нэрлэх үед дэлгэрсэн хуучны үйлчилгээ. Сайд дарга нар бараадсан, улстөрийн намуудын эрчүүдээр хөөцөлдөж, албан тушаал авч наймалцаж сексээр төлбөрөө хийдэг эмэгтэйчүүдийн тухай их л хов жив чухам тэр үеэс л таржээ. Олны үг ортой л гэдэг.

Эхнэргүй эсвэл эхнэрээсээ уйдсан хүмүүс өөр эмэгтэйтэй секс хийх гэж эрэл хийж явах бас л нэг нийгмийн өнгө төрх. “Секс элбэг болсон өнөө үед түүнийг соёлтой хийгээрэй” гэж Плейбой сэтгүүл хэлдэг. Түүнээс биш хар махан порно бол секс гэхээсээ булчин шөрмөсний ажил болж бараг л эр эмийн барилдаан болж хувирах зүйл биш юм. Хэфнэр Америк оронд анх удаа сэтгүүлээ гаргаж байхдаа олон эсэргүүцэлтэй тулгарчээ. Тэр бүрийг ухааны чадвараар дийлжээ. Тиймээс секс ч хийж чаддаг, ухаанаар ч уралдаж чаддаг байх л жинхэнэ эрийн шинж төрх гэмээр.

 

Эротик ба сексийн боловсрол


Сексийг хэрхэн зөв хийж, амьтнаас ялгаатай гэдгээ харуулахад эротикийн тухай ойлголт хэрэгтэй. Эротик гэдэг шууд л амьтан шиг хэл яриа дуу шуу ч үгүй махан секс хийж амжуулах үйлдэл биш. Сэтгэлгүй хавьтал хийснээр зөвхөн үр хүүхэд үйлдвэрлэх гэдэг ойлголт бол амьтнаас ялгаагүй үйлдэл. Харин эротик бол цаанаа зөвхөн амтлах гэсэн зорилготой. Тиймээс секс энэ үед хэрэгсэл биш эротикоор амтлах зорилго болж байгаа юм. Эротик секс нууна, далдлана бас нууцлана. Тиймээс адал явдалтай бас амттай.

Порно секс сохроор, түүхийгээр бас зэрлэгээр яг л амьтан шиг амьтан чанартай хийдэг бол эротик секс нь хүн чанарын баталгаа болдог. Хүн амьтнаас ялгарах том ялгаа бол хэл яриа. Харилцан ярилцаж, ухаалаг хэл хэрэглэснээр эротик сексийг улам адал явдалтай болгодог.

Эротик сексийг урлагтай жишиж нэрлэдэг. Нэг үгээр хэлэхэд сексийг урлагтай адил уран гоё хийхийг нэрлэж буй нь цаанаа боловсрол хэрэгтэй шүү гэдгийг бас онцлон сануулж байгаа хэрэг. Тэгэхээр бас л сексийн боловсролд суралцах ажил гарах нь ээ. Үүний цаана бас хайр дурлал, хайр сэтгэл гээд олон сэдвүүд орхигдсон гэдгийг зориуд хэлэхэд илүүдэхгүй. Ямар ч гэсэн зөв сексийн хувьсгал Плейбой сэтгүүлээр дамжин нийгмийн дотор өөрчлөлт явуулах тэр боломж бидэнд иржээ. Амжилт.

Сэтгүүлийн захиалгаар бичив. Философич С. Молор-Эрдэнэ. 2013 оны зун.